The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
#8x100 математик сургалтын төв
Харьцаа ба пропорц (бага)
2026-08-16

ОНОЛ

Тодорхойлолт 1. Хоёр тооны ноогдворыг энэ тоонуудын харьцаа гэнэ.

Жишээлбэл: $ 3:31=\dfrac{3}{31} $ нь 3 ба 31-ийн харьцаа юм.

 

Тодорхойлолт 2. Хоёр харьцааны тэнцлийг пропорц гэнэ.

Жишээлбэл, тэнцүү утгатай хоёр харьцаагаар дараах байдалтай пропорц бичиж болно. $$4:3=8:6,\ \dfrac35=\dfrac{12}{20}$$ Пропорцыг бичих ерөнхий хэлбэр нь $a:b=c:d$ эсвэл $ \dfrac{a}{b}=\dfrac{c}{d} $ (энд $a, d\neq 0$ байна) юм. Пропорцод орсон тоонуудыг пропорцын гишүүд гэдэг. Пропорцын $ a $ ба $ d $ тоог захын гишүүд, харин $ b $ ба $ c $ тоог дундах гишүүд гэнэ. Пропорцийн харьцаануудын утгыг буюу $$ \dfrac{a}{b}=\dfrac{c}{d}=k $$ байх $ k $ тоог пропорционалийн коэффициент гэнэ.

Пропорцын аль нэг гишүүн нь мэдэгдэхгүй байхад түүнийг олохыг пропорц бодох гэж хэлдэг.

Пропорцын үндсэн чанар. Пропорцын захын гишүүдийн үржвэр, голын гишүүдийн үржвэртэй тэнцүү байна. $$\dfrac{a}{b}=\dfrac{c}{d} \Leftrightarrow a\cdot d=b \cdot c$$ байна. Энд, $a$ ба $d$ нь тэгээс ялгаатай тоонууд.

 

ЖИШЭЭ

Жишээ 1. Дараах хос харьцаанууд пропорц болж чадах уу? $$3:8\mbox{ ба }9:24$$ $$4:5\mbox{ ба }16:25$$

Эхний $3:8\mbox{ ба }9:24$ харьцаануудын хувьд захын гишүүдийн үржвэр болон голын гишүүдийн үржвэрийг авч үзвэл $$\underbrace{3\cdot24}_{72}=\underbrace{8\cdot9}_{72}$$ тул пропорц болж чадна. Харин хоёр дахь $4:5\mbox{ ба }16:25$ харьцаануудын захын болон голын гишүүдийн үржвэр $$\underbrace{4\cdot25}_{100}\neq\underbrace{5\cdot16}_{80}$$ тул харьцаа болж чадахгүй.

 

Жишээ 2. $ x:14=60:4 $ пропорцыг бод.

Үндсэн чанар ёсоор $$ x \cdot 4=14 \cdot 60 \Rightarrow 4x=840 \Rightarrow $$$$\Rightarrow x=840:4=210 $$ гэж олдоно.

 

Жишээ 3. $AB$ хэрчмийн урт $27$см байв. Уг хэрчмийг $5:4$ харьцаатай хуваасан бол урт хэрчмийн уртыг ол.

Хэрчмийг $5:4$ харьцаагаар хуваахад нийт $5+4=9$ тэнцүү хэсэгт хуваагдана. Нэг хэсгийн урт нь $$27:9=3\mbox{ см}$$ болно. Иймд $AC=15$см, $CB=12$см байна: Урт хэсэг нь $15$ см байна.

 

Жишээ 4. Нэгэн машин ажлаа жигд хурдтайгаар гүйцэтгэдэг бөгөөд $8$ цагийн турш ажиллаж $128$ ширхэг деталь боловсруулжээ. Ийм хурдаараа ажиллавал $7.5$ цагт нийт хэдэн ширхэг деталь боловсруулах вэ?

Машин $8$ цагт $128$ ширхэг деталь боловсруулдаг тул, нэг цагт боловсруулах деталийн тоо $$128:8=16$$ ширхэг болно. Тэгвэл $7.5$ цагт боловсруулах деталийн тоо $$16\times7.5=120$$ ширхэг болно.

Арга 2. $7.5$ цагт $x$ ширхэг деталь боловсруулдаг гэж үзээд пропорцын үндсэн чанар ашиглан бодьё. $$8:128=7.5:x\Rightarrow$$$$\Rightarrow 8\cdot x=\underbrace{128\cdot7.5}_{960}\Rightarrow x=120$$ болно.

Арга 3. Пропорцын дараах бичиглэлийг сурч аваарай. $$\begin{array}{rcl|} 8&\to&128\\ 7.5&\to& x\quad\\ \end{array}\Rightarrow x=\dfrac{128\cdot7.5}{8}=120.$$

 

Жишээ 5. Гурвалжны нэг өнцөг $110^\circ$ байв. Бусад хоёр өнцөг нь $3:4$ харьцаатай бол тэдгээр өнцгийг ол.

Гурвалжны өнцгүүдийн нийлбэр $180^\circ$ байдаг тул, бусад хоёр өнцгийн нийлбэр $$180^\circ-110^\circ=70^\circ$$ байна. Эдгээр өнцгийг $3:4$ харьцаагаар хуваахад нийт $3+4=7$ тэнцүү хэсэгт хуваагдана. Нэг хэсгийн хэмжээ нь $$70^\circ:7=10^\circ$$ байна. Иймд өнцгүүд нь $$3\times10^\circ=30^\circ,\qquad4\times10^\circ=40^\circ$$ болно.

 

Жишээ 6. Ягаан будаг гаргахын тулд улаан, цагаан будгийг $5:1$ харьцаагаар хольдог. Хэрэв нийт $60$ литр ягаан будаг хийх бол хэдэн литр улаан, хэдэн литр цагаан будаг хэрэгтэй вэ?

Улаан, цагаан будгийг $5:1$ харьцаагаар холихдоо нийт $5+1=6$ тэнцүү хэсэгт хуваана. Нэг хэсгийн хэмжээ нь $$60:6=10$$ литр байна. Иймд улаан будаг $$5\times10=50$$ литр, цагаан будаг $$1\times10=10$$ литр хэрэгтэй болно.

 

ДААЛГАВАР
  1. Хоёр тооны харьцаа $3:5$ бөгөөд нийлбэр нь $64$ бол эдгээр тоог ол.
  2. Хоёр тооны харьцаа $7:4$ бөгөөд ялгавар нь $21$ бол эдгээр тоог ол.
  3. $A:B=2:3$, $B:C=4:5$ бол $A:B:C$ харьцааг ол.
  4. $x:y=5:8$ бөгөөд $y:z=12:7$ бол $x:z$ харьцааг ол.
  5. Дараах пропорцуудыг бодоорой. $$ \frac{x}{18}=\frac{14}{21},\quad \frac{15}{x-2}=\frac{5}{6}. $$
  6. $a:b=4:7$ бөгөөд $3a+2b=78$ бол $a$, $b$-г ол.
  7. Нэг ангид хөвгүүд ба охидын тооны харьцаа $5:7$ байв. Ангид $6$ хөвгүүн шинээр нэмэгдэхэд хөвгүүд ба охидын тооны харьцаа $4:5$ болсон бол анх хэдэн хөвгүүн, хэдэн охин байсан бэ?
  8. Улаан, цэнхэр бөмбөгний тооны харьцаа $3:5$ байв. $12$ цэнхэр бөмбөгийг авсны дараа тэдгээрийн тооны харьцаа $3:2$ болсон бол анх тус бүр хэдэн бөмбөг байсан бэ?
  9. $A$ ба $B$ хоёрын мөнгөний харьцаа $4:7$ байв. $A$ нь $B$-ээс $8500$ төгрөг авсны дараа тэдний мөнгөний харьцаа $7:8$ болсон бол анх тус бүр хэдэн төгрөгтэй байсан бэ?
  10. Газрын зураг дээр $3$ см урттай дүрслэгдсэн зам бодит байдал дээр $12$ км урттай. Газрын зураг дээр $7.5$ см урттай зам бодит байдал дээр хэдэн км байх вэ?
  11. $8$ хүн нэг ажлыг $15$ хоногт хийж дуусгадаг. Ижил бүтээмжтэй $12$ хүн уг ажлыг хэдэн хоногт хийж дуусгах вэ?
  12. Автомашин $60$ км/ц хурдтай явахад тодорхой замыг $4$ цагт туулдаг. Уг замыг $80$ км/ц хурдтай явбал хэдэн цаг зарцуулах вэ?
  13. $A:B:C=2:3:5$ бөгөөд $C-A=42$ бол $A+B+C$-ийн утгыг ол.
  14. Нэг саванд ус ба жүүсний харьцаа $2:5$ байв. Саванд $12$ литр ус нэмэхэд ус ба жүүсний харьцаа $4:5$ болсон бол анх саванд хэдэн литр ус, хэдэн литр жүүс байсан бэ?
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.